Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2015-02-02

Заяаны хань гэж юу вэ?

Асуувал:
Залбирч ирдэг зүйл биш
Замын аянд хамтардаг нь юм
Амьдралыг чиглэлтэй зорилготой хэмээн үзвээс
Алдахад нь засаж
Унахад нь өндийлгөх
Хальтрахад нь түшиж
Хазайхад нь тэгшилж
Буруутахад нь зүглүүлж
Буцах гэвэл сануулдаг нь юм.
Хос баганын үүрэгтэн
Хоёр байхын учигтан
Өтөл болтол хамт ухаажих
Өргөн түмэндээ үйлээ цоглоох
Алдаагаа оноогоороо нөхөх
Дутуугаа илүүгээрээ гүйцээх
Энэ орчлонд энэ насаа
Эгэлхэн зүрхээ нэгтгэн байж зүтгэх нь билээ.
Өөрөөр хэлвэл
Өөгүй хүмүүн үгүй
Дутуу байдаг нь үнэн
Давуугаар нөхөж болдог
Хайраар нийцүүлж болдог
Хамтаар бүтээж болдог
Иймийн учир эр эм гэж байдаг тул
Эвлэрч нийлэхийн заяа гэж буй.
Эхнээсээ бэлдэж буй бол учирна
Эхлэлийг нь тооцоогүй бол зөрнө.
Зөрлөө гээд хагацахгүй
Дахин учирах нь дохио
Батлаж бататгая гэвэл
Биечилж учиран байж
Биенээ ойлгохоо мэдэн байж
Буцаж эргэн ажиж
Бултаж нэг үзэн
Боломжийг сиймхийгээр өгөөд үз!
Гэхдээ энэ хангалтгүй ээ
Заяа гэж юу юм?
Зам гэж юу юм?
Ухаан гэж юу юм?
Хайр гэж юу юм?
Энэ бүхэнийг цогцлоон бодож
Эхлэл гээчийн тунгаан бодож
Эдүүгээ цагаа сорчлон ажиж
Ирээдүйгээ тооцоолон бодож
Элэгэн дулааныг мэдэрч
Зүрхээ сонс!
Энэ олон байж л
Энэ мөн үү гэдгийг мэднэ.
Үүнээс биш эвгүй үйлдэл
Үнэнийг хэлдэггүй учир хүлээцтэй бай!
Олсон гэж бодсоноо алдалгүй аж
Олоогүй гэж бодсон нь дэргэдэхээ аж
Хийх үйлээ олсон бол
Хажууханд чинь байдгийг мэд!
Хамтаар зүглэх зүг нийлэх нь элбэг.
Хэзээ гэдгийг зүрх чинь хэлнэ
Хэн гэдгийг зүрх чинь хэлнэ
Харж бодсоноо зүрхнээсээ асуу
Хайр гэдгийг зүрхэндээ мэдэр.
Харц бүхнийг зүрх чинь мэдрэнэ.
Зүрхээ даг !
Бодлоороо тунгаа!