Цэвүүн цагт хэцүү хатуу түгсэн ч
Цаг цагийн хэмэн давтагдаж
Цагаан сүүн эрчим харыг цайруулан
Түүх дахин эргэн сайн цаган ирэв.

2014-11-12

Буруу алхам хийчихжээ.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр зүтгүүлээд л шавраас гарах хэрэгтэй бололтой. Эхнээсээ төлөвлөгөөгүй ажил эхэлчихээр алдаа гаргах нь их юм. Үр дүн нь муугаар гарах вий гэж эмээнэ. Гэхдээ юун дээр алдсанаа мэдвэл дараа дахин алдахгүй байхад дэмтэй юм байна. Хэрвээ тэгээд алдахгүй зөв явж сурчихвал өмнө нь алддаг байснаа санаж байх нь чухал юм байна. Ахиц дэвшил гаргаж чадсанаа бодож, ахин урагшлахаа тооцон алхамаа хийвэл дээр гэж бодогдоно. Гэхдээ хүнд яах аргагүй буруу ойлголт өгчихөөд байдаг тал бий. Буруу ойлголтоо засахын тулд дараагийн үйлдэлдээ анхаарах хэрэгтэй гээд хичээх болов. Өөрийгөө нэг тайвшруулж бодох юм бол алхаж байгаа нь ядаж хөдөлгөөн хийж байгаад бололтой хэхэ. Хэдий ухаантай, мэдлэгтэй, эрдэмтэй болсон ч гэлээ анх ямар байснаа, хаанаас эхэлсэнээ байнга санаж явсан нь дээр бололтой гэж толгойнд буув.

2014-11-05

Үлгэр

Эрт цагт юм гэнэ
Эгэлхэн нэгэн хүү байжээ
Онон мөрний хөвөөнд
Оршин суудаг нэгэн отогт
Өөрийн үүргийг биелүүлэн
Өрөөл бусдад дэмнэн
Өвгүд эмгүдээ хүндлэн
Өргөн хотолдоо тустай
Ижий аавдаа дэмтэй
Ирэх улиралд бэлтгэлтэй
Эргэн нүүж сууж
Эргэх амьдралд жаргалтайгаар
Эрхэм сайныг мэдэлцэн
Элгэмсэг аж төрдөг байжээ
Эр биеэнд хүрээд
Эхнэр авахаар морджээ
Гурван голын бэлчирт
Гурамсан суудаг нэгэн отог
Ган зуд болсон ч
Гарзгүй гардаг домогийг сонсжээ.
Учир юуг лавлан асууваас
Уран хатдын ухааны хүчинд
Урагшгүй төвөг бүхнийг
Ур сийлэн давдагт байжээ
Удам залгах хүү
Ухаант хатдын отогоос
Эхнэр авч сууваас
Эхлүүлсэн үйл нь бүтэж
Эрсэн зүйлс нь олдож
Удам угсаа нь мандаж
Их үйлэнд учгийг гаргаж
Улс орондоо ихийг бүтээдэг гэх
Алдарт нэгэн домгийг сонсжээ.
Ахуй энэ отогоос
Олон эрс эхнэр авах гэж
Тал бүрээс ирдэг тул
Таван шинжийг бүрдүүлж
Эрийн гурван наадамд
Эр бяраа үзүүлэн
Эрч хүчээ харуулан
Ухаан юугаа үзүүлэн
Эхнэр болох хүнээ сонгодог байжээ.
Учир юуг мэдсэн хүү
Хурдан хүлэгийн эмээлээ
Хүрэн азрагандаа тохоод
Хүнс усаа базаагаад
Холын аянд гарчээ...

2014-11-05

Өргөн мөрөнг сүлжин сүлэлдэн
Өндөр уулсыг даван тууланхан
Ихэс дээдсээ хүндлэн бишрэнхэн
Илч дулааныг эвлүүлэн оршино

Үндэс язгуурын омогшил бүрийг
Үлгэр туульсад мөнхлөн байж
Хайрын учиг холбоог
Харанхуй ертөнцөд гэгээ болгон

Мөнхийн үнэнийг таниулан байж
Мөрөөдөл гээчийн дахин түгээж
Орчлонд наранг мандааж
Огторгуйд тоос чийг цогцлоон

Өөриймсөг дотно харьцааг үүсгэж
Өрөөл бусдыг эгнээндээ нэгтгэн
Ирэх ирээдүйд Ир-ээ хурцлан
Итгэлээ тогтоон элчээ зарнам

Үүрэг хариуцлагийг ухааран байж
Үнэн гээчийн танин ухаарч
Хүйн холбоог дээдлэн хамгаалж
Хатан СУУ-г бишрэн таниму.

Манлайлах нэгний уухай дуунд
Мартамгүй сануулах СУУ-г шингээж
Ил гарах дүн бүрийг
Илэрхий ихээр тооцоолон таниулму.

2014-11-03

Бодол

Бодол гэж юу вэ? Бодсоноороо ямар ашигтай вэ?
Ер нь юм бодож толгойгоо гашилгаж байхаар сайхан бэлэн юман дээр амьдраад бусдын хэлсэн юмыг сураад, хүний хэлсэн үгээр яваад байвал биед болоод тархинд амар юм биш үү гэж бодогдоно. Тэгсэнээрээ би гэдэг хүн хэн нэгнийг дагагч, өөрийн толгойгүй болно. Зүйр цэцэн үгэнд “Бусдад даатгавал буруутна” гэдэг үг бий. Тэгвэл би юм бодохгүй байснаараа бусдад бүгдийг даатгаад биеэ сул тавьчихаж байгаа болно. Гэтэл төгс хүн гэж байдаггүй гэжээ. Нэг хүнд итгэлээ гэхэд дагаж явсан хүн маань алдаад буруу тийшээ зүгэлвэл яах вэ? Би бодоогүй болохоор хамт дагаад л явна. Тэр хүн миний мэдэхгүйг мэдэж байгаа болохоор би дагаж байгаа. Тиймээс надад бодоод байх шаардлага байхгүй ингэс гээд явж байхад болно гэхэд нэг өдөр буруу гишгэсэн алдааны үр дүн нь тэр бид хоёрт муугаар гараад ирвэл яах вэ? Хэний буруу вэ? Алдадгүй хүн гэж байдаггүй гэдэг болохоор тэр хүний алдсан нь буруу биш өөрийн гэсэн бодолгүй явсан миний буруу болно. Тэгэхээр би бодох шаардлагтай юм байна. Өөрийн гэсэн бодол нь өөрийн байр суурийг илтгэж байгаа бололтой. Яагаад гэвэл миний бодол ил гарахдаа хамт олны шийдвэрт ямар нэгэн байдлаар нөлөөлөх юм. Тэгвэл би бодолтой байснаараа өөртөө эзэн болно. Эзэлсэн нэгэн байр суурьтай байна.

Хэрэв бодож байж хийдэг бол бодолтой Монгол хүн. Мэдэхгүйгээр хийж байвал өөртөө итгэлгүй байгаа шинж. Итгэлтэй байхын тулд мэдэх гэж би бодно. Бодсоор байх болно. Бодлыг минь няцаасан ч би дахин бодно. Бодол минь зөв гэдгийг баталвал хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлсэн бол үр дүнг нь гаргана. Гарахгүй бол дахин бодно. Дахин үйлдэл болгоно. Үр дүн нь гарвал энэ миний амжилт, тархиндаа олсон ололт болно.

Тэгвэл бодол гэдэг нь нэг талаараа үр дүнгийн учир, шалтгаан болов уу?